Search
  • Tsog Ch.

ХАГИЙН ХАР НУУР

Хагийн Хар нуур нь Улаанбаатар хотоос ойрхон боловч хүнд хэцүү бартаат замтай гэдгийг сонсоогүй хүн ховор болов уу. Байршлын хувьд Ханхэнтийн тусгай хамгаалалттай газарт багтдаг бөгөөд нийслэлээс 200 км-т байрладаг.


Нуурын тухай товчхондоо Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны өвөрт Хийдийн сарьдаг, Хүнхэр уул, Асгатын сарьдаг уулсын дунд орших үзэсгэлэнт нуур. Уулын тагтад далайн төвшнөөс дээш 1817.3 метр өндөрт оршдог. Зарим судлаачид дөрөвдөгч их мөстөлтийн үед 20-80 метр өндөр, хааш хаашаа 5 х 6 килоеметр хэмжээтэй уулын хурдас мөнх цас цэвдэгт түрэгдэн уулсын ам хөндийг хааснаас үүдэн уулсын дундах хотгорт эргэн тойрны уулын оройд байх мөнх цэвдэг хайлж урсан хуримтлагдаж энэ нуур үүссэн гэж үздэг. Газар доогуур зүүнээс Хийдийн гол, өмнөөс нь Давааны горхи цутгадаг. Ийм цутгал буй учраас Хойд мөсөн далайн ай савын загас жараахай элбэгтэй. Нуурын талбай 2.7 хавтгай дөрвөлжин километр, урт нь 2.5 километр, өргөн нь 1.1 километр. Дундаж гүн нь 11 метр бөгөөд хамгийн гүнзгий газартаа 25 метр хүрнэ. Эргийн зарим хэсгээр захаасаа дөнгөж 50 сантиметрийн цаанаас замагтай ус харлан харагдах нь энэ нуур хөлгүй гүн болохыг илтгэнэ. Эх сурвалж: Монгол орны лавлах


Тэгэхлээр аялагч нарын хувьд асуудаг түгээмэл асуулт бол яаж очих вэ? Тэгвэл эдгээр замуудын талаарх дэлгэрэнгүй бичиж орууллаа.

Нуур руу олон замаар, олон төрлийн тээврийн хэрэгслээр эсвэл явган аяллаар очиж болно. МЭДЭЭЖ ЭНЭ ОНГОН ЗЭРЛЭГ БАЙГАЛЬД АЯЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ХОГ ХАЯХГҮЙ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АЯЛЛААРАЙ ГЭЖ ХҮСЭХ БАЙНА.

Маршрутын хувьд нуур руу орж болох үндсэн зам нь урд эсвэл хойд талаас орж болно.


Аяллын зургуудаас:


МАРШРУТ №1 ХҮҮЛҮҮРИЙН ДАВАА


Урд талаас Хүүлүүрийн даваагаар явган, мориор очиж болно. 4-дугуйтаар ч хүрсэн тохиолдол ч бий. Энэ маршрут нь модон дунд, том үхэр чулуутай болохоор морин болон явган аялалд дөт зам юм.

Зургийг Google earth ашиглаж оруулав.



МАРШРУТ №2 ХИЙДИЙН ДАВАА


Энэ зам бол түүхийн хувьд маш өндөр ач холбогдол бүхий газраар явдаг юм. Хийдийн сарьдагийн малтлагын тухай уншиж амжаагүй бол товчхон мэдээллийг дор оруулая.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Өндөр гэгээний байгуулсан хийд Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Бага Хэнтийн нурууны салбар Сарьдаг уулын энгэрт оршино.

Уг хийдийг анх Халхын Өндөр гэгээн Занабазар өргөөгөө улам өргөтгөн шарын шашны төв болгохоор 1654 онд Хэнтий уулын өвөрт Рибогэжайганданшадублин гэдэг хийд байгуулжээ. Албан ёсоор 1680 онд барьж дуусгажээ. Гэвч энэ хийд Монголын шашны төвийн үүргийг төдий л удаан гүйцэтгэж чадсангүй. 1687 онд Халх-Ойрадын үймээнд цөлмөгдөн сүйтгэгдсэн байна. Гэвч уг хийдийн туурин дээр багавтар сүмд ХХ зууны эх хүртэл хурал хурж байжээ. XIX зууны эцсээр Монгол нутгаар аялсан жуулчин А.М.Позднеев тус хийдэд очсон тухай мэдээг үлдээжээ. Мөн 1915-1916 онд П.А.Виттегээр удирдуулсан шинжилгээний анги анх шинжилжээ. Тэндээс бурхны эвдэрхий цац, барилгын паалантай ваар болон гоёл чимэглэлийн зүйлс олдсон байна. 1920-иод оноос Судар бичгийн хүрээлэнгээс малтжээ. 1995 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс малтлага хийж судалсан байдаг.

Сарьдагийн хийд бол Өндөр гэгээн Занабазарын оролцоотойгоор байгуулсан сүм хийдүүдийн дотроос цар хүрээгээрээ нэлээд томд тооцогдоно. Байгалийн үзэсгэлэнг хослуулан байгуулжээ. Үүгээрээ монголын бурхан шашны нэг томоохон сүм байсан ба уран барилгын чухал дурсгал юм.

Эх сурвалж: MongolToli.mn


Хагийн хар нуур очихдоо Туулд голд цутгах Хийдийн голыг өгсөж, хийдийн сарьдагийн туурийн малтлагад хүрэх бөгөөд цаашаа Хийдийн даваагаар 10 км явж нуур дээр очно.




0 views