Search
  • Tsog Ch.

ATV & Side By Side /UTV/ ДӨРВӨН ДУГУЙТ ХУДАЛДАЖ АВАХ ГЭЖ БАЙГАА БОЛ

Дөрвөн дугуйт сонирхож байгаа хүмүүст зориулж энэхүү блогийг бичлээ. Хаанаас авах, хэрхэн сонгох зэрэг асуултуудад зөвлөгөө өгөх зорилгоор бичлээ.

Дөрвөн дугуйт сонирхож эхлээд худалдан авалт хийх гэж байгаа хүмүүст зориулж аливаа нэг талын бренд болон чиглэл харгалзахгүйгээр өөрийн үзэл бодлоор үүнийг бичлээ. Ерөнхий хэрэглээгээр нь спорт зориулалтын буюу уралдаанд зориулсан, ердийн хэрэглээ буюу аж ахуйн зориулалтын, тусгай зориулалтын /цэргийн, уурхай гэх мэт/ гэж ангилж болно. Манайх шиг өргөн уудам нутагтай, хөдөө аж ахуй болон мал аж ахуйтай, бартаат зам ихтэй, уул уурхай ихтэй газарт дөрвөн дугуйт тохиромжтой юм. 


Юун түрүүн дөрвөн дугуйтын хөгжлийн талаар товчхон дурдахад/эх сурвалж wikipedia.com/: 

Дөрвөн дугуйт мотоциклын эхлэлийг 1893 онд Royal Enfield анхны дөрвөн дугуйт зарснаар эхлэлтэй гэдэг. Тэрхүү дөрвөн дугуйт нь өнөөгийн дөрвөн дугуйт загвар хэлбэртэй байсан байна. Гурван дугуйтыг анх John Plessinger 1967 онд зохион бүтээсэн. Гэвч түүний гурван дугуйт нь 1969 онд Honda компани гурван дугуйт зах зээлд танилцуулснаар өрсөлдөж чадалгүй зогссон юм. Бид тухайн үеийн 3-дугуйтыг James Bond кино, Diamonds Are Forever ТВ шоу зэргээс олж харж болох юм. 1987 онд 3-дугуйтыг 4-дугуйтаас илүү аюултай гэсэн шалтгааны улмаас үйлдвэрлэлийг зогсоох болсон байна. Suzuki 4 дугуйт хөгжүүлэлтээр тэргүүлэгч байсан бөгөөд анхны загварыг 1982 онд QuadRunner LT125 нэртэйгээр танилцуулж, 1984-1987 онд мини буюу жижиг дөрвөн дугуйтыг нийлүүлж байжээ. 


1987 онд Yamaha 2 цилиндр бүхий шингэн өргөлттэй RD350LC мотоциклийн хөдөлгүүртэйгээр Banshee 350 загварыг танилцуулсан. Энэ загвар нь илүү бартаат замд зориулагдснаар тухайн үедээ нэлээд хүч авч байжээ. Энэхүү загварыг танилцуулсны дараа Suzuki LT500R QuadRacer /Quadzilla/ загварыг өрсөлдүүлсэн боловч 4 жилийн дараа зогсоосон юм. 


Өнөө цагт спорт, спорт хэрэглээний гэсэн хоёр төрөлд ангилагдаж байна. Спорт загвар нь хөнгөн, жижиг, хойноо хөтлөгчтэй, богино хугацаанд хурд авахад чиглэгддэг бол спорт хэрэглээнд зориулагдсан загвар 110 км/ц хүртэл хурдлах боломжтой, дөрвөн дугуй хөтлөгчтэй том хэмжээтэй байдаг. 

Өнөөдрийн бидний мэдэх 4-дугуйт нь ATV, UTV гэж ангилалд хуваагдаж байна. Гол ялгаа нь зэрэгцээ суудалтай, суудлын даруулгатай, рулин жолоотой, ослын хамгаалалттай, ардаа тэвштэй харин хэмжээний хувьд өргөн, урт, даац илүү байдаг. UTV нэрийн хувьд олон нэртэй. Тэдгээр нэрсийг дурдвал Utility Task Vehicle (UTV), Utility Terrain Vehicle (UTV), Recreational Off-Highway Vehicle (ROV), Recreational Utility Vehicle (RUV), Side-by-Side (SxS) байна. 


2009 онд Дакар ралли-д Quad ангилалыг мотоциклийн дэд ангилал болгож оруулсан юм. Үүнд хоёр хэсэгтэй бөгөөд 2 дугуйт нэг цилиндртэй 750сс хүртэлх хөдөлгүүр бүхий, 4 дугуйт 1-2 цилиндр 900сс хүртэлх хөдөлгүүртэй мотоцикл багтана. Өөрөөр хэлбэл 1-2 цилиндр 900сс хүртэлх хөдөлгүүртэй ATV юм. 2017 онд side-by-side 1000сс хүртэлх багтаамж бүхий дөрвөн дугуйтын SSV ангилал нэмсэн. 


Юун түрүүн “Та юунд зориулж дөрвөн дугуйтаа ашиглах вэ?” гэсэн асуултыг өөрөөсөө сайтар асуух хэрэгтэй. Өөрөөр хэлбэр таны сонирхол юу байх вэ? Илүү хялбар байдлаар асуухад та уралдааны тамирчин уу? Аялагч уу? Аж ахуйдаа хэрэглэх үү? Ан гөрөөнд авч явах уу? 


Дилер дээр очихоос өмнө дараах зүйлүүдийг ойлгож, өөртэйгөө эвлэрсэн нь зөв юм

  • Үнэтэй тоглоом

  • Шатахуун зарцуулалт 4х4 машинтай дүйцхүйц

  • Манайд сэлбэгийн олдоц ховор бөгөөд үнэтэй

  • Таныг өөрийг тань механикч байхыг шаардана 

  • Оффисийн ажилтай бол та уралдаан, аялалын аль алинд нь жилдээ 10 гаруй удаа л жинтэй ашиглана

  • Олны нүдэнд хурц харагдаж, олон асуултанд хариу өгөх хэрэгтэй болно

  • Ганцаараа аялахад үргэлж бэлэн байх буюу хувийн бэлтгэлийг дээд зэргээр хангах

АНХААР: Жижиг сс-тэй эсвэл хямдыг аваад жолоодож сураад томруулна гэж төлөвлөөд ч хэрэггүй.


Дараагийн чухал асуулт бол таны худалдан авалтын төсөв юм. Энэ нь шинэ уу хуучин уу? Гэдэг асуултыг хамтад дагуулна. Шинэ мотоцикл техникийн хувьд зөв шийдвэр ч эдийн засгийн хувьд бол шийдвэр гаргахад бэрхшээлтэй байж болох юм. Би танд зөвлөхөд шинэ мотоцикл авсан нь зөв гэж зөвлөх байна. Учир нь энэ төрлийн техникийг ихэвчлэн хамгийн бартаа саадтай, шавартай, устай нөхцөлд ашигладаг тул үүнийгээ дагаад эвдрэл ихтэй байдаг. Нэлээдгүй олон хүмүүс АНУ-с ашигласан 4 дугуйт ачуулаад авахад засвар нэмж хийж байсан гэдэг. АНУ-д 4 дугуйтыг дийлэнх улсуудад замын хөдөлдөөнд оролцохыг хориглосон байдаг. Гол хэрэглээ нь паркуудад чирч очоод бэлдсэн болон байгалийн шавар, усанд тоглодог. Ингэж тоглож байхад усанд оруулах, шаварт живүүлэх зэрэг бичлэгүүд зөндөө байдгаас харахад шинийг авсан нь зөв гэдэг бодол өөрийн эрхгүй төрнө. 

Манай дотоодын зах зээл дээрх ашигласан мотоцикл бол магадгүй зөв шийдвэр байж магад. Мэдээж та танил нэгний эсвэл өөрийн мэдэх мотоциклийг бол авахад буруудахгүй гэж бодож байна. 


Үнийн хувьд:


ATV: Манай хамгийн өргөн ашигладаг ATV бол Yamaha Grizzly 660, 700 юм. 350, 400-тай бага сс-тэй ч байдаг. Yamaha Grizzly 700 загвар 2007 оноос хойш үйлдвэрлэж эхэлсэн загвар – манай зах зээл дээр 15 саяас эхэлнэ. Хамгийн хямд 660 загвар 10 саяас эхлэж байгаа учир энэ бол ҮНЭТЭЙ ТОГЛООМ. Polaris болон Can-Am брендийн sportsman болон outlander загварууд нэлээдгүй байна. Цөөн хэд байдаг нь Honda Rincon, CFMoto cForce, Kawasaki гэх мэт үргэлжилнэ. 


SxS: Сүүлийн нэг жилийн хугацаанд CFMOTO нэлээд хүчтэй орж ирж байна. Боломжийн үнэ, сэлбэгийн олдоц, туулах чадвар зэргээс болоод борлуулалт өндөр байгаа байх. Өмнө нь Yamaha Viking/Wolverine, Can-Am Commander/Maverick, Polaris RZR/Ranger их байдаг байсан. Цонжин Болдогт Bobcat UTV түрээс ч нэг хэсэг ажиллаж байсныг нэг сануулая. Монголд явж байсан UTV бол багадаа 18 сая байна. 


ATV, SxS алийг нь сонгох уу? Танд шийдэхэд тус болж магадгүй юм. 


SxS-ийг ATV-тэй харьцуулсан хүчтэй талууд: 


  • Аюулгүй байдал: Roll Cage буюу аваарын хамгаалалттай учир хүмүүс илүүд үзэх нь ойлгомжтой. 

  • Жолоодож сурахад хялбар

  • Зэрэгцээ суудалтай буюу 2 хүний суудалтай /Polaris Ace загварыг эс тооцвол/

  • Өвөл аялахад илүү тохиромжтой

  • Даац илүү

  • Тэнцвэр илүү


ATV-ийг SxS-тэй харьцуулсан хүчтэй талууд:

  • Бартаа туулах чадвар илүү

  • Хувийн ур чадвар илүү шаарддаг учраас сэтгэл ханамж хол илүү 

  • Жингийн хувьд хөнгөн

  • Маневр сайн (Ой мод, давчуу газарт)

Хэрвээ та уралдана, уралдаанд хүч үзэхээр шийдсэн бол дараах SxS-ийн 3 шинэ загвар таныг хүлээж байна:


ATV

  • Can-Am Renegade

  • Yamaha Raptor

  • Yamaha YFZ450R

  • Honda TRX

  • Suzuki LT

SxS

  • Can-Am Maverick X3

  • Polaris RZR

  • Yamaha YXZ

Бүгд 1000сс тэй хөдөлгүүр, үнийн хувьд 80 саяас эхэлнэ. Эдгээр загварт турбог анхаарвал зохино. 


МОТО КЛУБ

Хэрвээ та сонирхож байвал ижил төрлийн сонирхолтой клубын нөхөдтэй болж болох юм. Манайд байнгын үйл ажиллагаатай дөрвөн дугуйтын мото клуб:

  • Mongolia ATV Club 

  • Zaisan Moto Club / Зайсан Мото Клуб

  • Tahilt Club / Тахилт Клуб

ТББ

Монголын Дөрвөн Дугуйт Мотоциклчдын Холбоо


Эцэст нь хэлэхэд аливаа бренд, загвар бүрт өөрийн гэсэн даавуу талууд бий. Судалгаа хөгжүүлэлтийн 100 гаруй инженер нарын ур ухаан шингэж, тодорхой зориулалтын талбарт хийсэн туршилт байгаа учир аль нэг бренд, загварыг шууд муу хэлэх, дутагдалтай гэх нь МАШ БУРУУ зүйл болно. Сонголт хийхээр бүх борлуулагчийг зорьсон нь хамгийн зөв, тэд өөрсдийн даавуу талуудаа танд төвөггүй ойлгуулна. 


ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ! 

ХИАД-БОРЖИГОН ОВОГТ ЧИМЭГ-ОЧИРЫН ЦОГ


_______________________________________



Манайд байнгын үйл ажиллагаатай борлуулагч нарын мэдээлэл: 


BRP, Can Am-ийн дилер АДАМАНТ ХХК, утас: 9911 2120, 9909-8462


Хаяг: Станцын урд уулзварын Бетон Арматурын баруун талд Komit Service

fb.com/CanAmOffRoadMongolia


CF Moto-ийн дистрибьютор КОММОД ХХК


Утас: 330088, 9404-1142, 

Хаяг: Гурвалжингийн гүүрний BIG Market-ийн замын эсрэг талын /Тэхийн Зогсоол/ уулзвараар баруун зүгт тулаад баруун эргэж тултал явахад баруун талын хаалга

www.cfmoto-mongolia.mn


Polaris-ийн дистрибьютор, CТОРМ МОТОРС ХХК


Утас: 9911 2040

Хаяг: Нарны замын Моннисийн зам урд талд

fb.com/Polaris-mongolia-568231536598378/


Yamaha-ийн дилер ТОТАЛ МОТОРС ХХК


Утас: 70164545, 98981060

Хаяг: Амгалангийн Авто Тээврийн Газрын зүүн талд

fb.com/totalmotorsmongolia


MOTO TRAVEL SHOP

Утас: 9192-4244

Хаяг: Гермесийн замын эсрэг талд

0 views